Рэнжи эмнэлэг гадаад өвчтөний бөглөрсөн судсанд бага зүслэгтэй буюу минимал инвазив мэс засал амжилттай хийв

2024.04.02 Судасны өвчин

Рэнжи эмнэлэг хүзүүний нугаламын артерийн бөглөрөлтэй Монгол Улсын иргэнийг амжилттай эмчилсэн тухай мэдэгдлээ.

Сүүлийн гурван сарын турш тухайн өвчтөн тогтворгүй алхах, хүчтэй толгой эргэх болон хараа муудах зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч байжээ. Тиймээс өвчтөний ар гэрийнхэн Рэнжи эмнэлэгт хандан зөвлөгөө авахаар зорин ирсэн байна.

Рэнжи эмнэлгийн Тархины судасны өвчний төвийн эрхлэгч Ван Жечин эмчийн хэлснээр, өвчтөнд илэрсэн тархины цусны эргэлт муудаж, цаашид тархины шигдээс (цусны бүлэнт бөглөрөл) хүндэрч, амь насанд аюултай байдал үүсгэх эрсдэлтэй байжээ. Өвчтөний эмчилгээний түүх, оношийг нарийвчлан судалсны үндсэн дээр Ван эмч судсан дотуурх бөглөрлийг мэс заслын аргаар сэргээх боломжтой хэмээн үзсэн бөгөөд Рэнжи эмнэлгийн мэс заслын баг судсан дотуур бага инвазив аргаар (зүслэг багатай) хагалгаа хийж, бөглөрсөн судсыг нээж, тархинд очих цусны хангамжийг хэвийн болгож чадсан байна.

Тархины зүүн хажуугийн хүзүүний нугаламын артери бөглөрсөн байдал (зүүн зураг) болон мэс заслын дараах хэвийн цусны урсгалтай байдал (баруун зураг)

Тархины зүүн хажуугийн хүзүүний нугаламын артери бөглөрсөн байдал (зүүн зураг) болон мэс заслын дараах хэвийн цусны урсгалтай байдал (баруун зураг)

Мэс заслын дараах өдөр өвчтөн тогтвортой алхаж эхэлсэн бөгөөд биеийн байдал хурдан сайжирч, дөрөв дэх өдрөө эмнэлгээс гарсан ба энэ үедээ өвчтөн эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Амжилттай эмчилгээний дараа өвчтөн Рэнжи эмнэлгийн эмч нарын хамт татуулсан зураг

Амжилттай эмчилгээний дараа өвчтөн Рэнжи эмнэлгийн эмч нарын хамт татуулсан зураг

Орон нутгийн эрүүл мэндийн удирдлагууд энэхүү тохиолдлыг Шанхай хотын гадаадын иргэдэд чиглэсэн эмнэлгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны бас нэг тод жишээ хэмээн онцолсон байна.

Өнгөрсөн оны 11-р сард Шанхай хотын Эрүүл мэндийн хороо олон улсын түвшинд өрсөлдөхүйц үйлчилгээний брэнд хөгжүүлэх, тэргүүлэх зэрэглэлийн улсын эмнэлгүүдийн хөгжлийг хурдасгах зорилгоор анхны 13 эмнэлгийг сонгон зарласан билээ. Тус жагсаалтад Рэнжи эмнэлэг багтсан ба энэ жагсаалтын эмнэлгүүд нь бүгд хотын төвшний, дэвшилтэт оношилгоо, эмчилгээний чадамж бүхий, олон улсын үйлчилгээ үзүүлэх туршлагатай байгууллагууд юм.

Рэнжи эмнэлгийн мэдээлснээр, тэдний тархины судасны мэргэжлийн баг нь тархины архаг бөглөрөлтэй судсыг бага инвазив аргаар эмчлэх аргыг нэвтрүүлсэн анхдагчдын нэг бөгөөд тус аргачлалаар улс даяар хэдэн мянган өвчтнийг амжилттай эмчилжээ. Цаашид энэхүү чадварлаг мэргэжилтнүүдийн ур чадвар нь гадаадын өвчтөнүүдэд ч итгэл найдвар өгөх болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.