Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд Шанхайн Жэньжи эмнэлгийн Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг хамт олонд талархал илэрхийлэв

2026.04.08 Элэг шилжүүлэн суулгах хагалгаа

2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд Шанхайн Цзяотун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Жэньжи эмнэлэгт зочилж, Хятадын Инженерийн академийн академич, Жэньжи эмнэлгийн ерөнхий эмч бөгөөд элэгний мэс заслын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Ся Цян болон түүний эмнэлгийн баг хамт олонтой уулзав. Энэхүү айлчлал нь ердөө 8 сар 5 хоногтой монгол охин О.Сэцэнгоод элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэнд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэх зорилготой байв.

Уулзалтын үеэр талууд хүүхдийн мэс заслын дараах нөхөн сэргээх явцын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Академич Ся Цян мэс заслын үйл явц болон үр дүнг танилцуулаад, хагалгаа маш амжилттай болж, хүүхдийн биеийн байдал одоогоор сайн байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, Жэньжи эмнэлгийн хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг нь энэ салбарт олон улсын тэргүүлэх түвшний арвин туршлагатай бөгөөд дахин нэг монгол хүүхдийн амь насыг аварч чадсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Ся Цян ерөнхий эмч Жэньжи эмнэлэг цаашид ч Монгол Улсаас ирэх илүү олон өвчтөнд чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ, иж бүрэн техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа.

Ерөнхий консул Д.Болд академич Ся Цян болон эмнэлгийн баг хамт олны нарийн мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйг өндрөөр үнэлж, хүүхдийн эцэг Ц.Отгонбаяр, эх Б.Булгамаа нарт халуун дотноор талархал илэрхийлэн сайн сайхныг хүсэв. Тэрээр Ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс хагалгааг зохион байгуулах, зохицуулах үйл явцад ихээхэн дэмжлэг үзүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Шанхай хотын Эрүүл мэндийн хороо, Жэньжи эмнэлгийн нийт эмч, ажилчид болон "Талын өртөө холбоо" ТББ-д гүн талархал илэрхийллээ.

Энэхүү хил дамнасан амжилттай аврах ажиллагаа нь Монгол Улс болон Шанхайн Цзяотун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Жэньжи эмнэлэг хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал түүхэн үйл явдал боллоо. Талууд Монголоос ирэх хүнд оноштой өвчтөнүүдэд зориулсан "Ногоон суваг" механизмыг цаашид улам боловсронгуй болгохоо мэдэгдэв. Энэхүү хагалгааг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Хятад хоёр улсын олон сайхан сэтгэлт хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн өгөөмөр хандив, чин сэтгэлийн зүтгэл асар их байсныг онцлох хэрэгтэй бөгөөд энэ нь хоёр орны ард түмний уламжлалт гүн зузаан найрамдал, хүмүүнлэгийн үзэл санааны тод илрэл боллоо.